Монгол улсын гавьяат багш, док., проф. Ш.Чоймаагийн цагаан сарын ёс заншлын талаарх "МОНГОЛЫН ЦАГААН САР БА ГАЛЫН ТАХИЛГА" нийтлэлийн дараагийн цуврал "Галын тахилга" хэсгийг толилуулж байна. www.tanhim.net

Жил бүрийн билгийн улирлын 12 дугаар сарын 23, 24-ний өдөр бол монголчуудын хувьд уламжлалт гал тахилгын өдөр юм. “Харцын тахилга 23-нд, тайжийн тахилга 24-нд” гэж хэлдэг байжээ. Гол төлөв 23-нд галаа тахих бөгөөд домог ёсоор жил жилийн cүүл сарын 23-нд Галын бурхан тэнгэрт одож, орчлонгийн түмэн амьтны байдлыг Хурмаст тэнгэрт айлтган мэдүүлдэг учиртай ажээ. Монголчуудын галын тахилга нь олон зууны турш уламжлахдаа зохих шинэчлэлийг хүртэж, нутаг нутгийн өвөрмөц өнгө төрхтэй болсон байдаг хэдий ч ерөнхийдөө адил юм.

      Галын эзэн онгоныг “Галайхан эх”, “Гал эх”, “Голомт эх”, “Отхан” (от гэдэг үг нь эртний алтай хэлний үг бөгөөд түрэгээр гал гэсэн утгатай. Тиймээс, гал голомтоо залгаж, төрсөн орон гэрийг сахин үлдэх хамгийн бага хүүг “отгон хүү” гэж нэрлэдэг нь учиртай юм.) “Эх галын тэнгэр”, “Галын охин тэнгэр”, “Галын хаан”, “Галын бурхан”, “Галын тэнгэр” гэх мэт олон янзаар нэрлэдэг байжээ. Бурхан шашин дэлгэрснээс хойно “Арш тэнгэр”, “Галын хаан Мэража” гэж нэрлэдэг болжээ. (Мэ нь төвдөөр гал, ража нь эртний энэтхэгийн санскритээр хаан гэсэн үг болно).

     Галын тахилгын ерөнхий дэс дараа гэвэл галын тахилгын аливаа бэлтгэлээ базаасны дараа, хамгийн түрүүнд Галайхан эхийг урин зална. Тэгээд тахил өргөлөө өргөнө. Түүний хойно Галын магтаал, Галын залбирал, Галын өчиг, Галын ерөөл мэтийг дэс дараагаар нь өчин айлтгана. Ирэх шинэ жилд энх эсэн, элбэг дэлбэг байлгахыг Галын бурхандаа даатгаж, буян хишгийг хурайлан дуудна. Галын тахилгын төгсгөлд “Галын хишгийг” бүгдээр хүртэж дуусдаг ажээ. Монголчууд галын тахилгад юуг яаж бэлтгэх нь хүртэл цөм бүр учир утгатай. Жишээлбэл, галын өнгө улаан болохоор өвчүүг улаан утсаар ороодог. Хишгийн хүрээ болтугай гэж өвчүүг арьсаар хүрээлдэг. Хонь мал идэх өвсний дээж гэж хялгана өвс хийнэ. Тал бүрхэх адууны хишиг хэмээн өвчүүгээ тавьж, тэмээний хишиг хэмээн өндөр хавирга, хонины хишиг хэмээн хош (гургалдай), ямааны хишиг хэмээн өвчүүний гадар тус тус тавих бөгөөд дэлхийг бүрхэх олон хоньтой болтугай хэмээн цагаан хурганы арьсаар бүрхэж (зарим газар цагаан унгас ноос тавих) гал голомтод бузар бүү болтугай хэмээн тулганы дөрвөн зүгт хүж, зул асаадаг ажээ. Галын тахилгын бүх зүйлийг маш цэвэр цэмцгэр хийдэг бөгөөд галын тахилгад хэрэглэх түлшийг ч хүн малын хөлөөc зайдуу хол газраас цэвэр ариун түлш авчирдаг байжээ. Мөн галын тахилгад хэрэглэх өвчүүг аль эрт намар идэш гаргах үедээ тусгайлан бэлтгэж, тусад нь цэвэрхэн хөлдөөж хадгалдаг байжээ.

     Галын тахилгаа монголчууд “Бага цагаан сар”, “Бага шинэ” хэмээн нэрлэдэг бөгөөд нарийн тогтсон горимоор үйлддэг том ёc төр юм. Тахилгын бүх зан үйлийг энд бичих боломжгүй учир галын тахилгын судрын тухай цөөн үг өгүүлье. Мэдээж хэрэг, галын тахилгын өчиг дуудлага, ерөөл анхандаа амаар уламжилж, cүүлдээ судар ном болж, мөн олон янзын хувилбартай болсон байна. Энд “Галын тахилгын ерөөл”-ийн нэгэн богино хувилбараар жишээ болгоё.

Үүл мэт униарт

Этүгэн /газар/ нэвт илчит

Өлзийт галын тэнгэрт

Өөхөн тосон дусаан мөргөнөм

Бүгдийн өлзийн хутаг ийн жаргатугай

Торгон галынхаа эхэд

Тос өөх дусаан мөргөмү

Тоолох малыг олон болгож

Тоо томшгүй жаргалангийн дунд атугай /байтугай/

Ариун Отгон гал тэнгэрийг тахиснаар

Адуу мал олон болж

Амин насан урт болоод

Адилгүй сайн жаргалангийн дунд атугай /байтугай/

Тэнгэр эзнээс үүдсэн

Тэгш дэлхийгээс төрсөн

Дэлгэрсэн галынхаа Эхээс

Дээд сайн өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Хаан тэнгэрээс үүдсэн

Хатан дэлхийгээс төрсөн

Галт тэнгэрээс

Хамаг өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Эрхт тэнгэрээс үүдсэн

Этүгэн дэлхийгээс төрсөн

Өлзийт галынхаа Эхээс 

Эд агуурсны өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Алтан дэлхийгээс үүдсэн

Ариун гал тэнгэрээс

Амь нас, адуу мал

Адгуусны өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Бүтсэн галын Эхээс

Бууртан тэмээн

Бухтан үхэр

Бүгдийн өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Ариун чанарт галынхаа Эхээс

Алтан мөнгөн хүү сан

Азаргатан адуу

Айл хүний өлзий хутгийг гуйнам

Хурай, хурай, хурай

Голомтын язгуурт

Хутагт гал тэнгэрээс

Хуцтан хонь нь

Хотол бүгдийн өлзий хутгийг гуйнам

Отгон /отхон/ галын Эх

Уулын чинээ хэсгээс

Атгуулж өчмү чи

Хан голын эх

Хадын чинээ хэсгээс

Хагалж өгмү чи

Гэрэл Эх

Гэсрийн чинээн хэсгээс

Хэлтэлж өгмү чи

Тахисан эх

Далайн чинээ хэсгээс

Тасалж өгмү чи

Дэл ихэт азарга

Дэлэн ихэт гүүний

Сүр cүнсэн

Хурай, хурай, хурай

Багтар /нэгэн зүйлийн тураг мод Ш.Ч/ шийрт агт морь

Барим хөхт гүүний

Cүр cүнсэн

Хурай, хурай, хурай

Гэрээр дүүрэн

Эм үрийн

Cүр cүнсэн

Хурай, хурай, хурай

Хөдөөгөөр дүүрэн малын

Хөвчөөр дүүрэн ангийн

Cүр cүнсэн

Хурай, хурай, хурай

 

Гал тахих, гал голомтоо дээдлэхтэй холбогдсон цээрийн ёсноос

 

                Монголчуудын гал тахих, гал голомтоо дээдлэх ёc заншлаас үүдсэн олон зүйл хорио цээр байдаг.

-          Тухайн гэр бүлийн бус, гадны хүн айлын гал хөндөхийг цээрлэнэ. Тэгвэл гал голомтод халдаж байна гэж үздэг.

-          Айлын голомтын араар зүүнш, баруунш, араар хөндлөн гарахыг цээрлэнэ. Тэгвээс эс хүндэлсэн хэрэг болно.

-          Айлын голомтыг нар буруу тойрон гарахыг цээрлэнэ.

-          Галын тахилгаас хойшхи долоо хоногт төмөр шилээврээр гал хөдөлгөхийг цээрлэнэ. Галын бурхан эзгүй байх үе гэдэг.

-          Нагацын гал тахихад зээ хүн орохыг цээрлэнэ.

-          Гал тахиснаас хойш гурван хоногт цагаан идээ, амуу будааг бусдад өгөхийг цээрлэнэ.

-          Шинэ төрсөн эмэгтэй галд ойртохыг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.

-          Галд элдэв юм хийж түлэхийг цээрлэнэ. Гал бузартана гэдэг.

-          Галд ус хийхийг цээрлэнэ. Иймээс усаар гал унтраах хэрэгтэй болбол “Галын бурхан хөлөө авч бай!” гэж урьдаар хэлнэ.

-          Гал уруу нулимахыг цээрлэнэ.

-          Галаар наадахыг цээрлэнэ. Мал нь сарних буюу малаа алдана гэнэ.

-          Галаа унтраахдаа гишгэхийг цээрлэнэ.

-          Гал голомтын дэргэд алцайж суухыг цээрлэнэ.

-          Гал тахиж архи, тос дусаах үед жирэмсэн эмэгтэй хажууд байхыг цээрлэнэ. Ураг унагах аюултай гэдэг.

-          Галын дээгүүр алхахыг цээрлэнэ.

-          Галдаа cүү дусаахыг цээрлэнэ. ¯нээний дэлэн хагарна гэдэг.

-          Гал дээгүүр улаан бөc эргүүлэхийг цээрлэнэ.

-          Галд хутга мэс дүрэхийг цээрлэнэ.

-          Галд нохойн баас, шувууны өд, сонгино, сармисны хальс орохыг цээрлэнэ.

-          Галд шарилж түлэхийг цээрлэнэ.

-          “Шарилжаар галаа битгий тахь

Шалзанд хотоо битгий эдлүүл” гэдэг.

-          Галд давс хийхийг цээрлэнэ. Гай зэтгэрийг хөөх зан үйл ширэг хийх үед давс түлдэг.

-          Галыг чичлэхийг цээрлэнэ. Галын бурхан уурлана гэдэг.

-          Зуух тулгыг дөрөөлөн зогсох, дээр нь суухыг цээрлэнэ.

 

Энэ мэт хорио цээр олон байх бөгөөд эрт цагийн хууль цаазад айлын гал голомтод ёc бусаар халдсан хүнийг хүндээр ялладаг байжээ. Cүлдэндээ гал, нар, сарыг дээдэлсэн монголчууд бидний гал голомт цэвэр ариун, үүрд мөнх бадран байж цог хийморь нь галын дөл шигээ өөдөө байх болтугай.

Нийтлэлийн өмнөх холбоос:    http://www.tanhim.net/content/view/256/34/